IT мэргэжилтнүүдэд хамгийн өндөр цалин хөлс өгдөг улсаар Швейцар шалгарчээ
Японы хүний нөөцийн Human Resocia Co компани дэлхийн 72 улсын IT буюу мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийн талаар судалгааны тайлангаа танилцуулжээ. Энэ салбарын мэргэжилтнүүдэд дунджаар жилийн $102,839-ийн хэмжээтэй цалин өгдөг Швейцар улс жагсаалтыг тэргүүлсэн байна. АНУ жилийн $92,378, Израиль улс жилийн $76,500 цалингаар жагсаалтын эхний гурван байранд оржээ.
Өнгөрсөн онд IT салбарт нэмэгдсэн ажиллах хүчний тоо дэлхийн 109 улсад 26.81 сая болж, өмнөх оноосоо 13.3 хувиар өссөн байна.
Улсуудаар авч үзвэл 4.45 саяын өсөлтөөр АНУ тэргүүлж, 3.43 саятай Энэтхэг, 3.28 саятай Хятад улс удаалжээ. Өнгөрсөн онд Японы IT салбарт 1.44 сая мэргэжилтэн шинээр нэмэгдсэн нь жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт болсон байна.
Human Resocia Co компани судалгаандаа Япон улсын нөхцөл байдлыг онцгойлон харуулсан байна. Цалингийн хэмжээгээр эрэмбэлсэн жагсаалтад Япон улс өнгөрсөн онд 72 улсаас 26 дугаарт орж, өмнөх жилээсээ зургаан байраар ухарчээ. 2023 онд Японд мэдээллийн технологийн мэргэжилтний жилийн дундаж цалин $36,061 байсан байна. Цалингийн өсөлт өнгөрсөн онд Японд дөнгөж 0.4 хувь байсан бол АНУ-д 3.6 хувь, Хятадад 16.9 хувь байжээ. “Иений ханш сул байгааг харгалзалгүйгээр тооцоолсон ч Японы өрсөлдөх чадвар суларсаар байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл цаашдаа Япон улс мэргэжилтнүүдийн сонирхлыг татахаа болих эрсдэл бий” гэж уг судалгааны тайланд өгүүлжээ.
Эх сурвалж: Kyodo News
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:54
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:54
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.