ЭЛЧИН САЙД КИМ ЖУН ГҮ: ХОЁР УЛСЫН ВИЗИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ ШАТ БҮРЭЭР НЬ СУДЛАН ҮЗЭЖ, ЭНЭ ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАХ БОЛНО
Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гуравдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлэх мөн 2023 онд Монголд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан мод тарих арга хэмжээг “Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гүтэй товчхон ярилцлаа.
-Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан танай яамнаас мод тарих арга хэмжээг явуулж байна. Энэ хүрээнд хэчнээн хэмжээний мод бут тарьж байна вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?
-Мод тарих өдрийг угтаж “Ногоон хэрэм” төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг хувьдаа их дэмждэг. Үнэхээр цаг үеэ олсон зөв төсөл гэж боддог. Монгол Улс төдийгүй дэлхийд ач холбогдлоо өгөх хөтөлбөр гэж ойлгож байгаа. Үүнд Монгол Улсын иргэд маш идэвхтэй оролцож байгаа нь бидэнд тодорхой харагддаг. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй цаг үе болгон байнга тэмцэж байх шаардлагатай гэж үздэг. Цаашид миний хувьд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хөдөө аж ахуйн салбарт смарт технологийг илүүтэй нэвтрүүлэн ажиллах болно.
Тэр утгаараа миний хувьд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, ногоон хөгжил, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт илүү эрчимжүүлэн ажиллана гэж боддог. Хоёр улсын Засгийн газар анх 2007 онд “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн байдаг. Эхний төслийн хүрээнд нийт 3000 гаруй га газарт ойжуулалт хийсэн гэсэн тооцоолол гарсан. Харин хоёр дахь төслийн хугацаанд буюу 2017-2021 онд “Солонгос Монгол”-ын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулсан. Уг төслийн гуравдугаар үе шатыг бид 2022-2026 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Та Элчин сайдаар томилогдон ирээд удаагүй байна. Энэ жилийн хувьд хоёр улсын хооронд өмнө яригдсан болоод шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?
-Хоёр улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллана гэдгээ юуны өмнө хэлье. Солонгосын Засгийн газрын зүгээс Монгол Улстай одоо байгаа харилцаагаа Орос, Хятад улсуудтай адил иж бүрэн стратегийн түвшний харилцаатай болгохыг зорьж байгаа. Ингэж харилцаагаа хөгжүүлбэл цаашид Монгол, Солонгосын харилцаа улам идэвхтэй, өргөн хүрээнд хөгжих боломжтой гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн харилцаа хөгжинө. Эдийн засгийн харилцаа хөгжихийн хэрээр манай улсын хөрөнгө оруулагчид болоод аж ахуйн нэгж, компаниуд Монголын зах зээлд илүүтэй нэвтэрч орох болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын дараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх, батлах асуудалд илүү анхаарч ажиллаж байна. Энэхүү хэлэлцээрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээр хоёр улсын худалдааны эргэлт огцом нэмэгдэнэ. Гол нь энэхүү хэлэлцээр батлагдчихвал хоёр улсын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл, аюулгүй орчин бүрдэнэ гэж ойлгож байгаа. Үүнийгээ дагаад худалдаа, эдийн засгийн харилцаа улам идэвхжиж, бодит өсөлтүүдийг бий болгох боломжтой.
-Таны хувьд хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаарч ажиллана гэлээ. Яг ямар бодлогоор ажиллах вэ?
-Хөдөө аж ахуйн салбар гэдэг хүнсний аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг хангах ёстой чухал салбар. Тэр утгаараа хүнсний аюулгүй байдлын асуудал нэн түрүүнд тавигдах ёстой. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг бодитоор бүрдүүлэхийн тулд фермийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбартаа цогц бодлого явуулах шаардлагатай. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөр дагаад хүнсний аюулгүй байдлын асуудал илүү сайжирдаг. Тиймээс хоёр улсын хувьд энэхүү асуудалд илүү анхаарч, хамтарсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санаачлан зохион байгуулах ёстой гэж үздэг. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлбэл илүү ашигтай, эдийн засгийн үзүүлэлтүүд нь нэмэгдэх өргөн боломжтой гэж харж байгаа. Манай улсын хувьд газар тариаланг түлхүү хөгжүүлсэн байдаг. Тэр утгаараа ногоог яаж таривал амттай болоод чанартай ургаад байна гэдгийг шинжлэх ухаан талаас нь судлаад практик дээр өргөн ашиглаад удаж байна. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Солонгос улсын арга туршлага ихээхэн нэмэр болох болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр солонгосчууд яаж ногоогоо амттай, чанартай ургуулсан бэ гэдэг шиг монголчуудын хувьд малын махаа яаж амт, чанартай болгох вэ гэдэг асуудал чухал. Үүнд миний зүгээс түлхүү анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт Солонгосын арга туршлага, технологийг оруулж ирэх чиглэлд анхаарч ажиллана гэсэн үг.
-Манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэр утгаараа замын түгжрэл, хот төлөвлөлт гээд олон асуудал тулгамдан гарч ирсэн. Таны хувьд энэхүү асуудалд хэрхэн анхаарч хамтран ажиллах вэ?
-Түгжрэл, төвлөрөл бол аль ч улсын нийслэлд тулгамдаж байдаг томоохон асуудал. Иймд манай улсад нэвтрээд буй технологи, инновацийг Монгол Улсад, Улаанбаатар хотод нутагшуулахад дэмжин ажиллах болно. Түүнчлэн KOICA зэрэг байгууллагын Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд анхаарч ажиллан, тусламж үзүүлэхийг хүсч байна. Монгол Улс болон БНСУ нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Харин Улаанбаатар хот нь БНСУ-ын нийслэл Сөүл хоттой 1995 онд, Инчон хоттой 2017 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд Намянжү, Пусан, Кёнсанбуг, Тэжон хоттой найрамдалт харилцаатай. Цаашид хоёр улсын тэр дундаа нийслэлүүдийн харилцааг улам идэвхжүүлэх, өргөн хүрээнд хамтран ажиллах асуудалд анхаарч ажиллах болно.
-Мэдээж монголчуудын хувьд Солонгос руу явж хөдөлмөрлөх, сурч боловсрох маш их сонирхолтой байдаг. Тэр утгаараа виз олголтын асуудал илүү яригддаг шүү дээ. Энэ оны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танай улсад айлчлах үеэр визтэй холбоотой асуудлыг ярьсан. Таны хувьд визийн нөхцөлийг хөнгөлөх асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний хувьд Элчин сайдаар томилогдоод удаагүй байна. Гэхдээ хоёр улсын визийн хөнгөлөлтийг шат бүрээр нь судлан үзэж, энэ чиглэлд анхаарч ажиллах болно гэдгээ хэлье. Би 1995 онд Сөүл хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсад анх ирж байсан. Тэр үеэс хойш Монгол Улсад элгэмсэг сэтгэлээр хандаж ирснийг маань манай улсын ерөнхийлөгч өндрөөр үнэлж, энэхүү албанд томилсон түүхтэй. Тэр утгаараа Монгол Улсыг, монголчуудыг хэн хүнээс илүү мэддэг, мэдэрдэг. Монголчуудын хувьд хамгийн их сонирхдог зүйл бол Солонгосын визийн асуудал. Өдгөө Солонгос улсад 52 мянган монголчууд ажиллаж, суралцаж, амьдарч байна. Бидний хувьд хоёр улсын визийн хөнгөлөлтийг шийдвэрлэхийн тулд аль аль талдаа тодорхой ажлуудыг санаачилан явж байгаа. Энэ чиглэлд явагдаж байгаа бодлого тогтвортой байгаа гэдгийг хэлье. Юутай ч одоогийн байгаа нөхцөлөөс хэд дахин сайжирна гэж харж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл