Л.БАЙЗДА: ААВ МААНЬ МОНГОЛЫН ХОШИН УРЛАГИЙН ҮҮДЭН ШҮД НЬ БАЙЛАА
Он жил алсрах тусам авьяастай, ховор сайхан хүмүүсийн дүр төрх зүрх сэтгэлд ойрхон санагдах нь бий. Ийм хүмүүсийн нэг хошин урлагийн нэрт мастер Төлгөөний Латиф агсан билээ. “Миний аав” буландаа нэрт жүжигчин Т.Латифийн хүү, дуучин Байздаг урьж ярилцлаа
-Казахстан улсад хэдэн жил амьдарч байгаад ирлээ. Явсан газрынхаа сониноос дуулгахгүй юу?
-“Өдрийн сонин”-ы уншигч олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Явсан газрын сонин гэвэл уран бүтээлийн олз омог дүүрэн ирлээ. Ирэх сарын долоонд казах хэлээр тоглолт хийхээр төлөвлөөд байна. “Үүрдийн наран”, “Танилцъя охин”, “Бүсгүйн зураг” зэрэг олон сайхан дуу минь залуусын зүрх сэтгэлд хадгалаатай явааг мэдэрлээ. Үзэгч олон маань ихэд санасан байна.
-Таны уран бүтээл болоод цаашдаа хийж бүтээхээр төлөвлөөд байгаа зүйлийн талаар ярихаа энэ удаад түр азная. Ерөөсөө аавын тань тухай ярихыг хүссэн юм?
-Бололгүй яахав. Манай аав түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсдаа бүрэн гүйцэд үнэлэгдэж чадаагүй авьяас билгийн тэнгэр байсан. Аавыг өнгөрсний дараа “Хэзээ ч үл нөхөгдөх орон зайн эзэн” гэсэн утга бүхий нийтлэлүүд сонин хэвлэлүүдээр гарч байлаа. Казахстаны хэвлэлд ч гардаг юм билээ.
-Юун тухай өгүүлсэн байх уу?
-”Казах үндэстнээс тодорсон маш чадварлаг жүжигчин. Даанч залуугаараа өнгөрсөн. Авах ёстой шагналаа авч чадаагүй” гэсэн утгатай материал хэвлэгдсэнийг олж үзсэн.
-Аавынхаа төрж өссөн нутаг усны талаар ярихгүй юу?
-1945 онд Ховд аймгийн Булган сумын нутаг Дээд нарийн гэдэг газар төрсөн. Сумынхаа төвд дөрөвдүгээр анги төгсөөд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд долдугаар анги, аймгийн төвдөө аравдугаар ангиа дүүргэсэн гэдэг. Тэгээд 1964 онд Улаанбаатар хотноо тухайн үеийн Багшийн сургуулийн кино драмын ангид элсчээ. Элсэлтийн шалгалтад орохдоо монголоор “Сайн байна уу” ч гэж хэлж мэдэхгүй байсан гэдэг. Домбороо барин казах дуу дуулж, “Үнэг ба хэрээ” хэмээх шүлэг казах хэлээр унших хөдөөгийн бүрэг хөвг үүн шалгалтын комиссын зарим эрхмүүдэд төдий л таалагдаагүйгээс нутаг буцах магадлал ихтэй байж. “Хэлийг нь мэдэхгүй ч хийж бүтээх авьяастай монхор хамартай тэр хүүг би заавал авч үлдмээр бодогдоод. Шалгалтын комиссынхонтой ярьж наагуур цаагуур гүйн байж үлдээсэн минь оносон шүү” гэж ангийн багш Раднаа нь хожим дурсдаг юм. Оюутан байхдаа Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Моорын дүрийг бүтээсэн нь сургуулийнхнаа төдийгүй тухайн үеийн Соё- лын яамны сайдыг хүртэл алмайруулж орхиж. Ингээд 1968 онд сургуулиа төгсөхөд нь Улсын драмын эрдмийн театрт бараг булаах нь холгүй жүжигчнээр авсан гэдэг.
-Удам гарлын тухайд нь юу хэлэх вэ?
-Энгийн л малч удмынх. Аав жүжигчний мэргэжил эзэмшсэнийхээ дараа гэр орноо Налайхад нүүлгэж авчирсан. Найман хүүхэдтэй айлын том. Дүү нараас нь Монголд нэг ч хүн үлдээгүй. 1990 онд бүгд Казахстан руу нүүгээд явчихсан. Одоо хэр нь тэндээ амьдарч байна. Би аавынхаа хэдэн дүү нарынд аж төрж байгаад ирлээ. Аав багаасаа л урлагт хайртай байж. Дэлүүн сумын сургуульд зургадугаар ангийн сурагч байхдаа урлагийн бүх төрлөөр шалгарч, Унгар улсад болсон хүүхдийн урлагийн олон улсын наадамд оролцон ая дуугаа өргөж байсан юм билээ. Аав энэ тухайгаа үргэлж дурсана. Арга ч үгүй юм даа. Улсынхаа нийслэлийг үзэх нь байтугай аймгийн төв орж үзээгүй алслагдсан сумын жаахан хүүхэд Унгар улсын Будапешт хотод хөл тавина гэдэг үлгэр зүүдний юм шиг байсан нь мэдээж. Баян-Өлгийгөөс орос бахиал, дээлтэй ирж байж. Тухайн үедээ их л ганган хувцасласан шиг санагдаж байлаа гэж байсан.
-Хөвөнтэй дээлтэй, хөдсөн гуталтай гэдэг шиг амьтан явж дээ?
-Тэгсэн байгаа юм. Зуны улирал байсан болохоор ээжийнхээ урлаж өгсөн хөх цэнхэр дан тэрлэгийг өмсч, орос бахиалтай, улаан хацартай, халзан толгойтой дэрчгэр бор хүү, домбороо үүрчихсэн Унгар улсын онгоцны буудал дээр хөл тавьж байжээ. “Жинхэнэ соёлт ертөнцөд оччих шиг болсон. Тэгэхэд би өөрийгөө маш хоцрогдсон бүдүүлэг болохоо мэдсэн” гэж байсныг нь санах юм. Гурван жилийн өмнө Дэлүүн сумын 60 жилийн ой болсон. Аавынхаа нутагт тоглолтоор очиход сум орон нутгийнхан халуунаар угтан авч байв. Сургуулийнх нь захирал “Танай аав их авьяастай жүжигчин байсан. Манай сургуулиас урлагийн гараагаа эхэлсэнд бид үргэлж талархан дурсдаг” гэж байсан. Аавын эзэмшсэн нэг том соёл бол орос хэл. Энэ хэлээр хэнээс ч дутахааргүй гаргуун ярьдаг байлаа. “Латиф бид хоёр орос хэлний хичээл дээр хоёулаа дандаа онц дүн авдаг байв. “Миний нутаг” шүлгийг орос, монгол, казах хэлээр “а,б”-гүй цээжилчихнэ.
Манай орос хэлний багш академич Б.Ширэндэв агсны гэргий Журавлёва байсан. Хичээл эхэлмэгц “За, Латиф, Жарантав, “Миний нутаг”-аа унш гэнэ шүү дээ” хэмээн жүжигчин З.Жарантав ах дурсдаг. Сэтгэл хөдлөлөө гаднаа илэрхий гаргана. Нэг өдөр шатан дүрэлзэж байхад, нөгөө өдөр сүхээр цохиулсан мэт нам чимээгүй болох нь сонин. Аав гэрт байхаас байхг үй нь их. Ихэвчлэн шөнө юм уу, өглөө сэрээд харахад ирчихсэн байна. Хүүхдүүддээ цирк үзүүлнэ. Бид бараг нэг ч тоглолт алгасалгүй үздэг байсан. Шинэ жилээр мөн л гэртээ байхгүй. Яг он солигдохын өмнөхөн өвөр дүүрэн бэлэгтэй, санд мэнд орж ирнэ. Бүх л албан газрын баярт уригдаж, хүн бүрийг баярлуулчихаад орон гэртээ ирж байгаа нь энэ. Хоол тааруухан хийнэ. Тэгэхдээ гарынхаа хоолыг бидэнд цадтал идүүлж байж санаа нь амардаг сан.
-Драмын театрт хэр удсан бол?
-Таван жил жүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд төрийн хошой шагналт урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг, Л.Ванган, Ч.Чимэд, Д.Мягмар нарын сонгодог жүжгүүдэд олон дүр бүтээсэн. Драмын театрын алтан тайз аавын минь амьдралын анхны алтан тайз байлаа. Тухайн үед залуу ч байж, ааг омогтой ч байж. Нэгэн арга хэмжээнд уригдаж очихдоо жаахан балгаад хүн амьтантай муудсан юм уу, яасан юм. Бүү мэд. Ямар ч гэсэн болохгүй зүйл хийчихсэн шиг байгаа юм. Ингээд 1973 онд театраасаа хөөгдсөн.
-Амьдралын гараагаа эхэлсэн театрын тайзнаасаа буух амаргүй байсан байх? -”Хүүхдүүд минь нялх нойтон, амьдралд хөл дээрээ тогтож амжаагүй байхдаа театраа орхисон минь хүнд цохилт болж толгой руугаа балбадаг байлаа” хэмээн хожим нь дурсдаг байв. Тухайн цагт аав маань сэтгэлээр унаж, хүнд бэрх өдрүү- дийг туулж байжээ гэж бодохоор өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрдөг юм. Драмын театрт байхад аавыг гавьяатад тодорхойлчихсон байсан юм билээ. Өнөө “гавьяат” өнгөрөхгүй хаачих вэ.
-Ингээд цирк гэдэг өрх гэрийн гишүүн болсон уу?
-Анх циркт мал маллагчаар гурван сар ажиллах гэрээтэй орсон. Дараа нь дагалдан жүжигчин болж, төд удалгүй жинхлээд цирк гэдэг айлтай хувь заяагаа холбон 25 жилийг үзсэн. Найруулагч Б.Бадрууганы “Гайхамшигт цаг” гэж бүтээл циркийн тайзнаа тавигдана. Тэр үеийн хүүхдүүд андахгүй дээ. Аав эмгэн шулмын дүр бүтээдэг байсан. Яг тэр үе бол аавын маань циркийн тайзнаа мандаж явсан он жилүүд байжээ. Казах түмний үндэсний хөгжим домбороо тоглох гэж үзүүлээд өгнө. Мөн шог зохиол их уншина.
Т.Галсан, Ж.Барамсай, И.Цэрэнжамц нарын зохиолуудыг амилуулдаг байлаа. Хөөрсөн олны алга ташилт, инээд, нулимс аавд мэдрэгддэг байсан болов уу. Хэдэн ч цаг тайзан дээр байсан хамаагүй, үзэгчид инээлдэж хөгжсөөр. Хүнийг инээлгэнэ гэдэг уйлуулахаас хэцүү гэдэг шүү дээ. Циркт байхдаа драмын театраа үргэлж санагалзана. “Би эргээд ганц удаа ч болов жүжигтээ тоглох юмсан. Циркт ганцхан дүрийг өдөр бүр давтах юм” гэж санааширдаг байлаа. Театрын тайзнаа Монголын болон дэлхийн сонгодог жүжгүүдэд тоглож, олон сайхан оюуны хүмүүстэй хамт ажиллаж байсан хүн дотоод сэтгэлийнхээ хувьд яалт ч үгүй ганцаарддаг байсан байх.
-Гэртээ байхдаа алиа хошин зүйл ярьдаг байв уу?
-Үгүй ээ. Юу ч ярихгүй, таг дуугүй л сууна. Оросын телевиз хараад суучихна. Ер нь орос “школ”-той хүн байсан. Биднийг загнана гэж байхгүй. Алганы амт тун цөөн үзүүлсэн дээ. Хаа нэгхэн муухай харна. Харин бид ааваасаа их айдаг байв. Найз нөхөдтэйгээ дарвиад халамцуу ирэхдээ нэг их сайхан ааштай. Домбороо тоглож, дуу дуулж, шүлэг уншаад л. Манайхаар алдарт жүжигчин Цэвээнравдан гуай их ирнэ. Аав тэр хоёр нийлэхээрээ ууна. Багагүй олон “юм”-ны цаана гарч байж санаа нь амарна. Хошин шогийн жүжигчин Д.Батсүх, Б.Батзаяа, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гээд манайхаар бишгүй олон хүн ирдэг байлаа.
-Аавыгаа олны хайрыг хүлээсэн жүжигчин гэдгийг анх хэдийд мэдэрсэн бэ?
-Сургуульд ороход аав намайг гараас минь хөтлөөд явж байсан. Би 1980 онд хотын 45 дугаар сургуулийн босгыг анх алхсан юм. Анхны “А” заасан багш маань Даариймаа гэж сайхан хүн байлаа. Багшид миний тухай яриад зогсч байсан нь одоо хэр нь нүдэнд харагддаг юм. Даариймаа багш миний нэрийг уншиж чадахгүй байсан юм билээ. Аав ингэж дуудаж, бичих ёстой гэж хэлж өгөөд л. Багш “Латиф гуай танай хүүг би ингээд өөр дээрээ авлаа” гэж дотноор хэлж байсан. Энэ цагаас л аавыгаа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин гэж бодсон доо. Аавтай хамт гудмаар алхаж явахад зөрсөн хүүхд үүд зүгээр байхгүй. “Латиф, Латиф” гэж орилолдоно. Сүүлдээ аавтай хамт явахаасаа төвөгшөөдөг байв. Тэрээр хүн бүртэй дотноор мэндэлж, зөөлөн гэгч нь харилцана. Олны хайртай хүн болж төрнө гэдэг өөр л байдаг юм билээ. -Хэдийд орон байртай болж амьдралаа төвхнүүлсэн бэ? -Тэр түүхийг яривал барагдахг үй.
Бид эцэг эхээс дөрв үүлээ. Аав ээж хоёр эхнийхээ хоёр хүүхдийг айлын халаасны өрөө дамжин амьдарч явахдаа төрүүлсэн. Дараа нь Улсын драмын эрдмийн театр аавд байр өгсөн. Нэг сонин түүх ярихад аав гавьяат жүжигчин З.Жарантав гуайтай хамтарч ээжийг казах үндэснийхээ ёс заншлын дагуу оргуулж авсан гэдэг. Айлын бэр болох гэж байсан бүсгүйг хуримынх нь урьд шөнө богтолж авсан энэ хэрэгт гавьяат жүжигчин Г.Мягмарнаран ч оролцсон байдаг. Ээжийг Дарханаас оргуулж авчраад Налайхад шууд хуримаа хийсэн гэдэг. Ээж маань одоо Баян-Өлгий аймгийнхаа төвд аж төрж сууна.
-Аливаа хүнд гомдож, цөхрөх үе гэж байдаг. Аав тань юунд их гомддог байсан бол?
-Урлагийн хүнд жаргалаа дагаад зовлон их ирнэ. Хэдий авьяастай байлаа ч өөрөө “хүн” байна гэдэг том зүйл. Урлагийн хүнээс хамгийн түрүү шаарддаг зүйл энэ. Аав 1990 онд өөрийгөө гавьяат болчихно гэж бодсон байх. Тайлан тоглолтоо хийчихээд байж байтал аавд гавьяат биш соёлын тэргүүний ажилтан өгдөг юм. Тэгэхэд их урлагтаа гомдож, гутарсан болов уу гэж бодогддог. Соё- лын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэг авсныхаа дараахан “Төрийн өгч байгаа хишиг буяныг голох учиргүй” гэж өөртөө хэлээд урам зоригтойхон ажиллаж эхэлсэн. Гэвч дараа жил нь буюу 1991 онд Хятадад явж байгаад гэнэт зүрх нь муудаад өнгөрс өн. Аавыг өнгөрөхөд тухайн үед Циркийн дарга байсан Батмөнх гуай “Монголын хошин урлагийн үүдэн шүдний нэг уналаа даа” гэж харуусан хэлж байсан нь одоо ч сэтгэлд минь тодхон байна. Нээрээ л миний аав Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байж дээ гэж бодогддог. Аав минь өнөөдөр хэдий үр хүүхдийнхээ дэргэд байхг үй ч ард түмний зүрх сэтгэлд монхор хамартай, өнөө л инээмсэглэсэн дотно дүрээрээ оршиж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
мянган [192.82.86.7] 2023-01-26 05:34:02
2021 онд нас барсан
Ff [98.204.176.20] 2023-01-26 03:11:46
Jujigchin hun dotorgui bol 1000 marzaganaad nemerguig manai zarim hoshin shogchid haruuldag.latif guai bol tsaanaasaa l torcon avyastai hun bsan
Зочин [192.82.73.115] 2023-01-25 21:14:14
Энэ сайт дампуу .баяртай
Зочин [103.26.195.2] 2023-01-25 17:49:02
хэдэн оны ярилцлага вэ байзада уржнан өнгөрсөн билүү
Зочин [202.126.88.153] 2023-01-25 16:48:13
Алиа хошин марзан гэвэл Латиф гуай байж дээ. Ум сайхан амгалан болтугай.
Зочин [202.131.241.34] 2023-01-25 16:28:12
одоо ч миний сэтгэлд амьд юм шиг цэрэгт байхдаа анх цирк үзээд хүн болж инээж үзээгүйгээр инээж биллээ
Зочин [103.161.242.98] 2023-01-25 16:02:06
Ум ма нэ бад мэ хум..одоо ч сэтгэлд минь амьд мэнд байдаг юм шүү...